ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт шаардлага хүргүүлэх болсон байна. Энэ талаар тэрбээр өнөөдөр мэдээлэл хийв.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах боломжтой талаар О.Баасанхүү гишүүн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Дээрх ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа юм. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өгсөн иргэдийн цалингийн, тэтгэврийн, оуютны зээлийг тэглэх амлалтаа хэрэгжүүлэх, чадахгүй бол ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байгаагаа О.Баасанхүү гишүүн хэллээ.
Мөн тэрбээр, “УИХ-ын Эдийн асгийн байнгын хорооноос энэ сарын 13-нд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа юм. Би ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох боломжтой гэж үзсэн бол Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагаас 6 хувь хүртэл бууруулах боломж бий гэсэн. Тэгэхээр хүүг бууруулах талаар судалгаагаа танилцуулаад харилцан, мэтгэлцэж болно. Нөгөөтэйгүүр, Монголбанкны тухай хуулийн дагуу Төвбанк зээлийн эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо иргэд ипотекийн зээлээ төлөхөд үндсэн зээлийн төлбөрөөс төдийлөн хасагддаггүй. Ихэнх нь хүүнд тооцогддог. Тиймээс үндсэн зээлийн төлөлтийн хэмжээг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс шаардаж байгаа юм. Мөн хадалгамжийн хүүг 11 хувь болгож бууруулахыг хэрэгтэй. Ингэснээр тэтгэврийн, хэрэглээний болон бусад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ” хэмээв.
Эх сурвалж: MONTSAME.MN